Posts

Showing posts from 2009

Тоосонд дарагдсан хөөрхий блог мину

Хэдэн сар ч юм бичээгүй юм бээ? Нээрээ саяхан Хөвсгөл аймгийн Галт сум орж үзлээ. Ямар ч сайхан цэвэрхэн, цэмцгэр, цомхон газар юм. Яг л дээр үед, коммунизмын үед ийм л байсан байх гэмээр. Бас дэндүү гоё байгалтай газар. Нүүдэлчин зон хэдэн зуунаар, олон үе удмаараа энд нутаглаж байсан ул мөр, буган чулуу, хиргэсүүртэй, Хангайн нурууны сүрлэг уулс, түүнээс эх авсан ариун уст тунгалаг гол мөрнүүд, зочломтгой, уриалгахан, цайлган бас нэрэлхүү цэвэр монгол занг, заншлыг хадгалсан сайхан газар байна билээ. Бүх юм нь дэндүү сайхан. Дараа арай хурдан интернэттэй газар зургийг нь оруулнаа. Хятад хэл сурах санаатай. Удахгүй сайжрана гэж найдаж байна. Одоогоор дэвшилттэй зүйл гэвэл Хятад хэл муухай сонсогдохоо больчоод байгаа. Урьд нь хүн загнаад байгаа ч юм шиг санагддаг байснаа одоо арай л сонсголонтой болоод байгаа. Чих дасч эхэлж байгаан байлгүй. Нэг иймэрхүү.

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Занабазар гэдэг энэ гайхалтай түүхэн эрхмийг хэн байсан, юу бодож сэтгэж, туурвиж байсан талаар сонирхож судлахыг хүсдэг байсан болохоор энэ зохиол нүдэнд их тусаад уншлаа. Уянгын зохиолын агуу мастер гэгддэг С.Эрдэнэ болсон хойно Өндөр Гэгээнийг зүгээр л нэг шүүрч аваад биччихээгүйг номын үг өгүүлбэр, хуудас бүрээс мэдэрч байлаа. Уянгалаад л, дүрслээд л, хүний дотоод сэтгэлийг хачин сайхан мэдэрч чадсан болохоор цаанаа л нэг хүнийг татах увидастай мэт. Занабазарыг Дарнатын хувилгаан, улсаа энэрэн тэтгэгч шашны тэргүүн, эрдэм төгс багш хүн гэдгээс илүүтэй цэвүүн цагийн Богд, цаг төрийн ороо бусгаад зөв шийдлийг олж, ард түмнээ амар тайван байлгахыг эрмэлзэж буй хувь хүн талаас нь, хүвь хүнийх нь бодол эргэцүүлэл талаас харуулсан нь их таалагдсан. Зохиолоос түүхэн гэхээсээ илүү хүний амьдралын утга учрын талаар эргэцүүлэл, хорвоогийн хатуу хөтүү, хүний сайн муугийн талаар илүү олж уншлаа. Түүхэн үнэн эсэхийг мэдэхгүй ч монголын түүхэнд Төвд, Далай багшийн оруулсан хувь нэмэр их гэдгийг

By the time you think you're smart, wisdom is far away from you!

Гэв гэнэт ингэж санагдаад. Сэтгэлээ сэргэтэл сайхан наргих юмсан. Нөхдөө цуглуулж байгаад сэтгэлээ онгойтол ярьж уйлах юмсан, согтотлоо архи уугаад гомдсон нэгэндээ агсам тавих юмсан, дургүй хүргэсэн хүнтэйгээ зад хэрэлдэх юмсан, аман дээр гарч ирсэн хараалын үгнүүдийг чанга гэгч нь хэлэх юмсан, орчлонг умартан биеэ тавиртал бүжих юмсан, онгон залуу насны ид хавыг гайхуулан цэнгэх юмсан. Мэддэг жаахан зүйлээ гайхуулан цэцэрхэх юмсан, мэдэхгүй чадахгүй бүхнээ сэхээрэн ойлгох юмсан, орчлонгийн түмэн нугачаанаас холоо тасарчих юмсан, ололт амжилт бүхнийг ч хуурмаггүй бүтээх юмсан. Хоосон цэцэрхсэн гаруудаас уйдаж байнаа, хорвоогийн зовлон барагдахгүй нь даанч тоогүй, бусдын амьдрал надад уйтай санагдаж, булт олноороо намайг шаналгах гэж төрсөн мэт. Блог байгаа нь сайн хэрэг. Хүссэн бүхнэээ бичиж, бурж болдог сайхан эд юм даа.

1 дагалдагчдаа баярлалаа, бас Майклын талаар хэдэн үг

Их баярлалаа андаа. Гоё гоё мэдээлэл бичиж байнаа. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр Майкл Жексон нас барсан тухай сонслоо. Аймаар ч юм шиг. Амьдралдаа их юм золиослож байж амжилтанд хүрсэн хүн гэж боддог. Гоо сайхны пластик мэс заслын хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан, гол хөрөнгө оруулагч нь гэж үздэг юм байна лээ. Хэлэх гэсэн үг, үйл хөдлөлөө зоригтойгоор гаргаж ирж чадсан нь бахадмаар. Black or White, Beat it дуунууд нь Мартин Лютеркинг шиг, бараг түүнээс илүү ихээр нийгэмд нөлөөлсөн байх. Амьдрал гэдэг үнэхээр тааж хэлшгүй, дэндүү тогтворгүй юм даа. Лондонд хийх тоглолтын талаараа This is gonna be it, seriously! гэж ирээд л, удахгүй биднийг орхиж явахаа яв цав мэдэж байгаа хүн шиг ярьж байсан нь санагдаж байна. Сонирхолтой зүйл гэнэт санаанд орлоо л доо. Хүүхэд байхдаа далд ертөнц, илбэ шидийн тухай сонин сэтгүүл их сонирхож цуглуулдаг байлаа. Тэр бүхнээс санаанд үлдсэн нэг зүйл нь Ванга эмгэн Майкл Жексоныг сохорч, 40 настайдаа буюу 1999 онд нас барна гэж зөгнөсөн байсан. 10 жил

Дагалдагчидтай болж магадгүй гэж мөрөөдөв

Миний блог хүнд хэрэгцээтэй мэдээлэл өгч, эсвэл ямар нэг юм бодогдуулж чаддаг болов уу? Ямар ч гэсэн дагалдагчидтай болох эсэх нь сонин байна. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш яадийн тээээ?

Terminator Salvation

Image
Киноны улаан фэнүүдэд энэ киног заавал үзэхийг зөвлөмөөр байна. Мэдээж компьютер графикийн гайхамшгийг эндээс харж болох ба хүн машины ялгаа, хүний үнэ цэнийн тухай эргэцүүлэхэд хүрэх вий. Эхний ангиудад гардаг Сара Коннорын хүү Жон Коннор хүн машины тулааны гол удирдагч болсон байна. Машинууд хүмүүсийн эсрэг юу сэдсэнийг тааварлах гэдэг хамгийн төвөгтэй асуудал. Тэдний дунд ирээдүйгээс бус харин өнгөрснөөс 15 жилийн өмнөөс ирсэн нэг залуу гарч ирнэ. Түүний нэр Маркус. Үйл явдлын өрнөлийг киноноос хүлээн авч үзээрэй. Энэ киног нилээд их догдолж үзсэн. Монголын учир нь олдохгүй олон Драмын хажууд жинхэнэ кино. Манайх шиг жижиг зах зээлд гадны кино гаргах хэцүү л байх. Гэхдээ л 3 кино театр маань иймэрхүү кино үзүүлж кино театрын гайхамшгийг мэдрүүлж баймаар юм. Киноны төгсгөлд Хүн машин хоёрын ялгаа нь бидний Зүрхний хүчинд оршдог гэсэн. Тааруухан орчуулсанд өршөөгөөрэй. Strength of our Heart. Бодууштай л санаа.

Номын худалдан авалт хийв

Өчигдөр баахан хүмүүсийн халдвартай блог уншиж байгаад гарангуутаа номын дэлгүүрээс 4 ном худалдаад авчихлаа шүү дээ. Бусдыг л буруутгах гээд байгаа бололтой. Гэхдээ л блог ер нь халдварт өвчин зарим нэг хэлбэрээр тараадаг болж таарлаа. Түүнээс биш зүгээр гэрийн зүг гэлдрэх гэж байсан хүн юу гээл дөрвийн дөрвөн ном худалдаж аваад байхав дээ.

Сарьсан багваахай дуурь

Иохан Штраусс-ийн Сарьсан багваахай буюу Die Fledermaus дуурийн тоглолтыг үзлээ. Мэдээж гайхалтай зүйл их олон байсан. Манай дуурийн дуучдын дуулах болон жүжиглэх авъяасыг сорьсон хүндхэн даваа байсан бололтой. Интернэтээр хайгаад үзэхэд гол дүрд нь ихэвчлэн залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тоглодог юм байна. Манай гол дүрийн 2 бүсгүй дүрдээ арай хөгшидсөн санагдсан. Гэхдээ дуулах ур чадварыг нь яриад яахав. Над мэтийн сонирхогч шүүмжлээд байх илүүц биз. Гэхдээ л operetta буюу хөнгөн, хошин маягийн, үг хэллэг, бүжиг, жүжиглэл бүхий дуурийн нэг хэлбэрийг монголд анх удаа тавьж байгаагаараа шинэлэг болсон гэсэн. Мэдээж оркестр, хөгжим бол агуу, гайхамшигтай байсан. Зөвхөн эхлэхэд нь тоглосон хөгжмийг сонсоод, өөрийгөө хаа нэгтээ агуу том дуурийн театрт, Москвагийн, Нью Иоркийн ч юмуу театрийн лоджинд ганган даашинзтай, смокингтой залуугийн дэргэд, чамин гэгчийн театрийн дурангаар хараад сууж байгаагаар төсөөлөхөд сайхан санагдсан. кккк Дуурийн тухай бичиж байснаа өөрийнхөө ядмагхан төсө

Sense and Feeling modern dance performance

Түмэн Эх чуулгын залуу бүжигчдийн дэглэж тавьсан Сэрэл Мэдрэхүй Модерн бүжгийн тоглолт Даваа гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолоо. Залуу хүмүүс өөрсдөө дэглэж, тоглож байгааг харахад бахдмаар санагдсан. Модерн бүжгийн талаар мэдлэг маруухан боловч хөдөлгөөнөөр хүний сэтгэл хөдлөл, дарамт, мэдрэмж гээд олон зүйлийг ямар гайхалтайгаар илэрхийлж болдог юм бэ гэж бодож суулаа. Тоглолтын тухай дэлгэрэнгүй тайлбарлах гэхээр өчүүхэн миний урлагийн мэдлэг хэт дутаад болохгүй юм. Юутай ч тоглолт 4 хэсгээс бүрдэнэ. 3-р хэсэгт Гэй залуусын хайр сэтгэл, амвдрал, бэрхшээлийг харуулахыг оролдсон нь их шинэлэг санагдсан. Яагаад ч юм их дарамттай байдаг гэсэн талаас нь харуулахыг хичээсэн байсан. Хамгийн сүүлийн Ус ба Шүлэг гэсэн зохиомж бас их таалагдсан. Бүжигчдийн ур чадварыг их сорьсон, хүнд элемент ихтэй, ритм ихтэй үзүүлбэр шиг санагдсан. Түмэн эх чуулгын бүжигчид Монгол Цам, Биелгээ гэх мэтийн ардын бүжиг л бүжиглэдэг гэсэн бодлыг орвонгоор нь эргүүлж, гайхалтай авъяастай, шинийг эрэлхи

Ном

Миний амьдралд, хувь хүний төлөвшилд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн зүйл бол Ном. Номонд орж, зохиолчийн хэлэх гэж буй санааг бодож тунгаана гэдэг нэгэн бодлын агуу их эрх чөлөө. Хүний бодож сэтгэх эрх чөлөөг хязгаарлаж болдоггүй учраас хамгийн агуу энэ эрх чөлөөг эдлэх, шинэ санаа бодлоор цэнэглэж өгдөгөөрөө Ном гэдэг агуу зүйл. Одоогоор нилээн олон ном зэрэг уншаад эхэлчихсэн байгаа болохоор хольж хутгаад баллаж өгч байна. Гэхдээ Достоевский, Пастернак 2 цаг хугацааны хувьд ойролцоо үед зохиолуудаа бичсэн болохоор их сонирхолтой санагдсан. Гэм зэм дээр гардаг Достоевскийн гэмт хэрэг, агуу хүмүүсийн тухай үзэл бодол 20-р зууны Тоталитаристууд, дарангуйлагчдын амьдралын философийг тодорхойлсон юм шигээ. Бүгд л өөрсдийн агуу нээлт, шинэчлэлийн төлөө бусдын амь насыг юман чинээ саналгүй золиослосон, түүнийгээ хүн төрлөхтний төлөө гайхамшигт үйл хэрэг гэж үзсэн байдаг. Достоевский, Пастернак 2 өөрсдөө амьдрал дээр ямар хүмүүс байсан нь их сонин санагдаад байгаа. Намтарыг нь уншиж үзнээ. Хор

Бурхан багшийн дүйчин өдөр

Image
Сайхан өдөр байнаа. Гадаа бороо шиврээд л, Гандан хийдээр дүүрэн хүмүүс хөлхөөд л... Гадаа сайхан байхад сэтгэл сэргээд нэг л амар амгалан. Гэхдээ надад нэг л юм дутагдаад, сэтгэл эзгүй, хоосон ч юм шиг. Буян бодож өнөөдөр сайн сайхан зүйлийг сэтгэж, залбирах хэрэгтэй. Өглөө гарахад Нямсамбуу багш зурагтаар яриж байсан. Мундаг хүн шүү. Хүн ямар нэг юманд тууштай суралцана, түүнийгээ нэвтэрхий сайн мэддэг байна гэдэг гайхалтай. Шашны тал дээр ч, аливаа ажил хэрэгт ч. Миний амьдрал намайг хааш нь хөтлөнө вэ? эсвэл би амьдралаа хааш нь зална вэ? Бурхан багш та хэлж өгч буян болооч? www.sangharakshita.org - буддын шашны талаар сонирхолтой ном, сургаалиуд байдаг юм билээ. Ороод үзэхэд илүүдэхгүй байх. Миний блогийг орж сонирхдог хүн байдагт эргэлзэж л байна. Гэхдээ ядаж өөртөө зориулаад бичиж л сууя.

Амьдралд утга учир гэж байна уу???

Толгойд байнга л эргэлддэг бодлуудаа бичмээр санагдлаа. Миний, минийх мөн ч юмуу даа, үгүй ч юмуу, энэ амьдрал утга учраар хомсхон байх юмаа. Компьютераа чирээд кафед сууж байгаа нь өнөөдөр эртлэн босоод, усанд ороод, хувцаслаад гарсны минь учир шалтгаан болох нь уу? Эсвэл өөр элдвийн учирал, тохиолдлууд өнөөдөр намайг хүлээж байна уу? Хэн нэгнийг хүлээх мэт, хайрлаж дурлахыг хүсэх мэт, тэгснээ тэр бүхнээс уйдаж гансрах мэт, амьдралыг хайрлаж, түүний төлөө бүхнээ зориулмаар ч юм шиг, гэхдээ утга учир нь олдохгүй юмны төлөө зориулах цаг хугацаа дэндүү хайран ч юм шиг. Энэ олон бодол, эргэлзээ, учир утгын талаар эргэцүүлэл бүхэн хий дэмий зүйл ч юм шиг. Амьдралд бүх зүйл хувьсаж өөрчлөгдөж байх юм даа. Гурван жилийн өмнө өдийд хуссан үс маань одоо тахимаа шүргэх нь холгүй жигтэйхэн урт ургасан. Хүн бүхэн гайхаад л. Тэр үед бодож байсан бодол, хүсэл маань замхарч, хүсээгүй олон зүйлээ би хийсэн, үзэж, туулсан, хааяа өөрийгөө үзэн ядсан, хааяа өөрийгөө өрөвдсөн, бас энэ чинь л БИ юм байна

Аянгын Бороо

Англиар Thunderstorm, Хятадын алдарт зохиолч Cao Yu /Цао Юү/-ийн бүтээлийг Монголын Икс Түц хамтлаг гайхалтай сайхан тогложээ. Үнэхээр зохиол нь сайн, найруулагч нь сайн, жүжигчид нь сайн байсан нь бүх л талаараа жүжгийг төгс сайхан амьдруулсан байна. Жүжигчин Батаа их анхаарал татсан. Дүрдээ их сайн орж, уусч тоглодог юм билээ. Хүмүүс хааяахан Буджав ахыг олж хараад байгаа бололтой инээгээд байсан. Гэхдээ л маш их хичээж, мэрийж, уусч тоглож байгаа нь мэдэгдэж байнэ лээ. Сайхан зүйлээс хоцрохгүй байхыг хичээх хэрэгтэй мөн үү?

Cool гэж юу гэсэн үг вэ?

Бодоод байхаар их олон утгатай юм шиг. Өчигдөр 2 дахь удаагаа намайг Күүл гэж тодорхойлохыг сонслоо. Шууд утгаараа бол би сэрүүн, жихүүн хүн болтой. Одоогийн залуусын хэрэглэдэг утгаар бол их орчин үеийн, загвар, мода хөөсөн, дэгжин хүн байж таарах гээд байдаг. Гэтэл би тэгж гадаад төрхөндөө анхаарч, алдартай пүүсийн бүтээгдэхүүн хэрэглээд байдаг хүн биш л дээ. Гайхаад л байгаан. Эсвэл жихүүн хүн болж таарах нь. Харахаар сэрүү татаад л, хүйтэнд харахаас айдас хүрмээр, халуунд очоод наалдчихмаар... Ийм хүн гэж байдаг л юм байх даа? Одоо байдаг болоод л намайг тэгж тодорхойлоод байна даа. Учиртай учиртай юм их байх юмаа. Гэснээс бодвол өөрийг нь ингээд хэлчихсэн болохоор л энэ Күүл гэдэг үгний тухай бодоод, гайхаад байгаа бололтой юм. Өөр хүний тухай, надад ямар ч хамаагүй байсан бол ингэж бодоод, бичээд суух ч юмуу даа??? хэн мэдлээ. Хүн гэдэг их учиртай амьтан байна шүү.

Цэргийн баяраа гэж

Цэргийн баяр (Уг нь Зэвсэгт хүчний .... жилийн ой) гэж их сайхан баяр байнаа. Эрчүүдийн баяр гэдэг албан бус нэрээр эрчүүдийгээ бүгдийг нь баярлуулаад угаасаа дадал болчихсон. Цэргийн алба хаасан ч бай үгүй ч бай бүх л эрчүүд маань биеэрээ, сэтгэлээрээ, оюунаараа эх орныхоо энхийн манаанд зүтгэж л байгаа шүү дээ. Тиймээс бүх эрчүүддээ зовхи өөдөө, босоо хийморьтой явахыг ерөөе. Тайван цагийн баатруудыг үеийн үед алдаршуулаарай. Цусаараа биш хөлсөөрөө эх оронч гэдгээ батлаарай. Жич: Цэргийн баярыг албан ёсоор эрчүүдийн баяр болгомоор юм доо. :)

Элбэг арт галерей

100 зураач, 100 уран бүтээл үзэсгэлэнг үзлээ. 2-р сарын 12-нд дуусна гэсэн. Өнгөрсөн зууны олон зураачдын уран бүтээлүүд тавигдсан байна лээ. Орчин үеийн зураг, уран бүтээлчдийг л үзэж, харч явсан миний хувьд 20-р зууны монголын уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг эхээр нь харах таатай боломж байлаа. Сайхан цуглуулгатай хүн байна лээ. Монголын Эрмитажын эхлэл байх болтугай. Мартсанаас Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байгаа. Өөрийнх нь галерей Сонгинохайрхан дүүрэгт байдаг гэсэн.

Дэлхийгээр тарсан монголчуудаа гэж

Би их эх оронч хүн юм байгаамаа. Үндсэрхэг гэж арай болохгүй л дээ. Хэт туйлширсан үзэл шиг санагдаад байдаг юм. Өчигдөр Боловсрол Суваг телевизээр Нууцын Тайлал гээд нэвтрүүлгийг хагас дутуу үзлээ. Энэ нэвтрүүлэг эрэн сурвалжлах сэтгүүл зүй маягтай, их аятайхан нэвтрүүлэг болохоор хааяа харах их дуртай. Дэлхий дахинд тархсан монголчуудын талаар баримтат нэвтрүүлэг хийж, тодорхой эрдэмтэд, судлаачдыг урьж оролцуулсан байлаа. Хамгийн гол нь Чингисийн их байлдан дагууллаас хойш хэдэн талд тарж бутарч орхисон монголчууд одоог хүртэл 800 жилийн турш өөрсдийн уламжлал, хэл соёлоо хадгалах гэж хичээж, мэрийж, монголчуудтайгаа уулзахыг, эх нутагтаа буцаж ирэхийг хүссээр, хүлээсээр ирсэн байх юм. Афганистаны Хазара, Хөх нуурын Дээд Монголчууд, Хятадын дундад хэсгийн Ду үндэстэн гээд хэсэг бүлгээр нь тухайн газрыг тохинуулах гээд орхисон ард иргэд олон байдаг юм байна. Үзээд сэтгэл шимширсэн. Монгол хүн яваад очтол, хүлээсэн хүн маань ирлээ, одоо нутаг руу минь аваад яв гээд уйлсан хүн байна гэ

Цагаан Сар ...

Цагаан сар дөхөөд ирэхээр айл болгон л аль байдаг эрвийх дэрвийхээрээ л аятайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг хичээдэг. Хямралтай одоо үед яаж тэмдэглэх вэ гээд олон янзын л нийтлэл, саналууд хэвлэлүүдээр яваад байх болж. Нэгэнт л манай үндэсний, олон жил уламжлал болж тэмдэглэж ирсэн ганц баяр юм хойно аль болох уламжлал, билэгдлээ бодож сайхан тэмдэглэх нь зүйтэй. Миний хувьд хамгийн дуртай баяруудын маань нэг л дээ. Үнэхээр л ихэнх хамаатнуудтайгаа зөвхөн энэ л баяраар нүүр учирч уулздаг, ажил амьдрал, гэр бүлийн талаар сонин хачнаа хуваалцдаг. Яахав уламжлал гээд ирсэн хүн бүрийг айл бүр чадал чансаандаа тааруулаад л дайлж цайлаад, гарыг нь цайлгадаг. Гэтэл үүнийг хүмүүс их л сүр бадруулаад, дарамт болгоод яриад байх юм. Санхүүгийн хувьд мэдээж тодорхой хэмжээний зарлага гардаг л даа, гэхдээ үнэн хэрэгтээ бид нар чинь жилдээ хэдэн удаа хүний алга дээш нь харуулдаг билээ дээ? Ялангуяа хамаатан садан, хүүхдүүд, өвгөд хөгшиддөө хир их өгдөг билээ дээ? Сайхан урьж залаад, дайлж цайлах нь хи

Усны гайхамшиг

Саяхан телевизээр усны гайхамшгийн талаар баримтат кино гарсан. Олон улсын эрдэмтэд усны бүтэц хүний болон бусад зүйлсийн энергиэс болж өөрчлөгддөг гэдгийг нотолсон байна. Эндээс надад бол ус орон орны хэл ярианы онцлогоос үл хамааран тухайн үгний утга, энергийг мэдэрч, түүнд хариу үйлдэл үзүүлж чадаж байгаа нь хамгийн гайхамшигтай санагдсан.

Байнга бодож явбал зохилтой!

Бэрх зовлонг тэсч чадвал хатуужилт мөн, Бэрх үйлийг бүтээж чадвал эрхэм мөн, Бэрх утгыг мэдэж чадвал хурц мөн, Бэрх хорлолыг хариулж чадвал хүчит мөн Зарим хэрэгт өвс мэт доош дарагдвал зохино Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохино Зарим хэрэгт зарц мэт хүчлэн явбал зохино Зарим хэрэгт уул мэт бат суувал зохино Хутагт Нагаржунай. Ардыг Тэжээхүй Рашааны дусал номоос иш татав.

Юмс, үзэгдэл бодитойгоор оршдог уу?

Хүний оршихуйг юу гэж үзвэл зохих вэ? Нэг номноос сонирхолтой гаргалгаа олж уншлаа. Аливаа зүйлс, хүн ч ялгаагүй зөвхөн өөрийг нь бүрдүүлж байдаг хүчин зүйлсээсээ л бүрддэг бөгөөд тэдгээр зүйлс байхгүй бол тухайн эд зүйлс, хүн, би гэж огт байхгүй юм гэж. Үүнийг шулууны огтлолцлоос үүсдэг цэгтэй зүйрлэсэн байх юм. Олон шулуун огтлолцох тусам цэг томорч, үнэхээр цэг гэдэг тэр зүйл байдаг юм шиг харагдана, гэтэл тэдгээр шулуунууд байхгүй бол цэг гэдэг зүйл оргүй алга болно гэсэн байна. Миний хувьд дээрх гаргалгааг хавтгайд, огторгуйд байгаа шулуунтай зүйрлэмээр санагдаад байна. Хавтгайд бол 2 шулуун огтлолцож цэг үүсгэдэг, харин огторгуйд 3 хэмжээст орон зайд эдгээр шулууны Z тэнхлэгийн координат өөр өөр бол огтлолцох албагүй байдаг. Тэгвэл аливаа бидний нүдэнд ил харагддаг бодит зүйлс маань 3 хэмжээст орон зайд л бодитойгоор оршиж байгаа болохоос 4, 5 түүнээс дээш хэмжээстэй орон зайд бол бодитоор оршин тогтнодоггүй байж болох юм. Энд бодит бус сэтгэл, мэдрэмж, хайр дурлал зэрэг зүйлсийг
Найзын хийсэн богино хэмжээний видео. Баян-Өлгий аймаг, Бүргэдийн баяр. 2008 оны 10-р сар.

Блог гэж яааааг юу юм болоо?

Юуны өмнө laptop-н маань элдэв гажгийг засч өгсөн Баясаадаа баярлалаа. Аржгар, буржгар бичлэг дахиад гарахааргүй боллоо. Блог анх нээснээсээ хойш яг 1 жил болсон боловч хөөрхий зайлуул, 3 хан бичлэгтэй. Гэхдээ яах вэ, учрийг нь олж, хужрийг нь тунгааж байгаад аятайхан, хүн цагаа гаргаад уншихаар зүйлс бичмээр бодогдож байхын. Анд маань харин "блогийн бичлэгийн бодлого алдагдана" гэхээр нь би бас гайхаад л байх юм. Сонин сэтгүүл шиг бодлоготой, чиглэлтэй, тодорхой хүрээний уншигчтай, зах зээлтэй нтр байх нэ дэ? Зөвхөн өөртөө бус, өрөөл бусад зориулж бичдэг болж таарлаа. Ер нь яг юу юм болоо энэ блог гэдэг этгээд?

Хөдөөгийн баясгалан

Image
Хөдөө аялах, монгол орноор зорчихын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Мэдээж манай гайхамшигтай байгал, эрх чөлөө үнэртэх нам гүмхэн, цэлийх тал, сүр хүчи н д нь сөхөрч унамаар уул ус, онгод сахиусууд, сэтгэл хөдлөж, ярихдаа хүртэл амьсгал давч даж байдаг бахдам түүх. Энэ улсын иргэн болон төрсөндөө үнэхээр баярлаж, бахархаж явдаг. Би монгол хүн шүү гэж бодож, хэлэхэд самсаа шархирахгүй байхын аргагүй. Ямар их хувь заяагаар энэ орны эд эс нь болж төрөвөө? Харамсалтай нь энэ мэ д рэмжийг зөвхөн хөдөө орон нутагт л мэдрэх юм даа. Эх оронч гэдэг зүрх мэдээж дотор минь цохилж байдаг боловч монгол хүн, монголын эд эс гэдгээ морин дэл дээр хийсч явахдаа, монгол гэрт айраг шимэн уртын дуунд уярахдаа, өвгөн буурлын сургаал, түүх шаштирыг сонсохдоо мэдэж, ойлгож омогших юмдаа. Хэдийгээр аялаад, дайраад өнгөрнө гэдэг бага хугацаа боловч үнэхээр л хөдөөгийн баясгаланг, монгол ахуйг монгол хүн бүр ойлгож, хайрлаж, хамгаалж байгаасай гэж хүсч байна . (Зураг 1- Дархадын хотгор

Beijing, Huh hot

Image
За. Өнгөрсөн 11-р сарын эхээр Бээжин, Хөх хот, Эрээн хотуудаар явж үзлээ. Амьдралдаа анх удаа хилийн дээс алхаж үзэж байгаа минь тэр. Бидний тэгж их үзэн ядаад ба йдаг Хятадууд гэж хэн юм, яагаад бүхэл бүтэн зууныг биднийх гээд өмчлөөд байдгийг ойлгомоор, хармаар байсан гэхүү дээ. Үнэхээр хөдөлмөрч хүмүүс юмаа. Урлаг, барилга байгууламж талаас нь бас нилээн харахыг хичээсэн. Манайд архитектур, эртний байгууламж, түүхэн дурсгал их цөөхөн байдаг шүү дээ. Харин тэнд гайхалтай юмаа. Урлагийг маш сайн дэмждэг, барууныхан ч тэрийг нь маш онцгой, гайхалтай гэж харж, бас их хөрөнгө оруулдаг юм шиг санагдсан. Тэр бум гаруй хүний оюун ухаан, хүч хөдөлмөр, онгод хийморьтой манай орон өөрийгөө харьцуулаад байх хэрэг байна уу даа ч гэж бодогдсон. Их л хөдөлмөрлөж ба йж ялгарч, өөрийгөө тодорхойлох шаардлагатай юм байна лээ. Тэр их өрсөлдөөн дундаас мэдээж хамгийн шилдэг нь ялгарч чаддаг бололтой. Түүхэн дурсгалт газруудаар нь явж үзэхэд маш их энерги, түүх, мэдрэгдэж байлаа. Бидний монголчууд тэдни

Шинэ он гарлаа!!!

Image
Шинэ жил, шинэ он гарчихлаа гэж. Өнгөрсөн жилийн хийсэн ажлууд, бүтээсэн, сайжруулсан зүйлсээ бодож, тунгааж, ирэх жилд яах вэ гэдгээ бодож, төлөвлөдөг цаг. Миний хувьд бодох зүйл, хийх зүйл их л байх шиг. Өнгөрсөн жилийнхээ тайланг тавих ёстой юм шиг санагдаад болдоггүй э. Ядаж өөртөө зориулж. 1. Бээжин, Хөх хотоор аялав. Ганцаараа явсан болохоор бага зэрэг уйтгартай, бас удаан санагдсан. Гэхдээ маш их үзэх юмтай хот, улс гэдгийг нь хамгийн сайн ойлгож байсан. Ялангуяа хятад хэлийг маш сайн сурах ёстой гэдгийг ясандаа тултал ойлгов шүү дээ. Яагаад энэ их том гүрний дэргэд байгаа мөртлөө хэлийг нь сурах талаар огтхон ч бодоогүй юм болоо? Англиар бага сагахан ярьдагтаа бардаад давхиад очтол үнэхээр хэцүүхэн санагдсан. Барилга, архитектур, шинэлэг зүйлсийг хуучны, эртний хэв маягтайгаа нилээн хослуулсан, өөрийн гэсэн зүйлс ихтэй хот. Агуу түүхтэй, тэрийгээ авч үлдэж чадсан, түүгээрээ бахархаж чаддаг хүмүүс. Зөвхөн Хориотой Хотыг л өдөрт хэдэн мянган хүн үзэж, хэдэн мянган хүн түүгээр бах