Амьдралд утга учир гэж байна уу???

Толгойд байнга л эргэлддэг бодлуудаа бичмээр санагдлаа. Миний, минийх мөн ч юмуу даа, үгүй ч юмуу, энэ амьдрал утга учраар хомсхон байх юмаа. Компьютераа чирээд кафед сууж байгаа нь өнөөдөр эртлэн босоод, усанд ороод, хувцаслаад гарсны минь учир шалтгаан болох нь уу? Эсвэл өөр элдвийн учирал, тохиолдлууд өнөөдөр намайг хүлээж байна уу?

Хэн нэгнийг хүлээх мэт, хайрлаж дурлахыг хүсэх мэт, тэгснээ тэр бүхнээс уйдаж гансрах мэт, амьдралыг хайрлаж, түүний төлөө бүхнээ зориулмаар ч юм шиг, гэхдээ утга учир нь олдохгүй юмны төлөө зориулах цаг хугацаа дэндүү хайран ч юм шиг. Энэ олон бодол, эргэлзээ, учир утгын талаар эргэцүүлэл бүхэн хий дэмий зүйл ч юм шиг.

Амьдралд бүх зүйл хувьсаж өөрчлөгдөж байх юм даа. Гурван жилийн өмнө өдийд хуссан үс маань одоо тахимаа шүргэх нь холгүй жигтэйхэн урт ургасан. Хүн бүхэн гайхаад л. Тэр үед бодож байсан бодол, хүсэл маань замхарч, хүсээгүй олон зүйлээ би хийсэн, үзэж, туулсан, хааяа өөрийгөө үзэн ядсан, хааяа өөрийгөө өрөвдсөн, бас энэ чинь л БИ юм байна гэж ухаарсан, гэтэл тэр БИ нь үргэлж л өөрчлөгдөөд, 5 жилийн өмнө хийх нь бүү хэл бодож ч зүрхлэхээргүй байсан зүйлийг одоо хэнэг ч үгүй хийгээд, түүндээ шаналах ч үгүй явах юм.

Хэрвээ би Католик ч юмуу, ямар нэг Христийн урсгалын шашинтан байсан бол Их эзэнд надад зориулсан төлөвлөгөө байгаа, тэгээд л энэ бүхнийг би туулж байна гэж бодохсон. Гэтэл тэр Их Эзэн гээч нь огт байхгүй ч юм билүү, надад зориулсан төлөвлөгөө гэж огт байхгүй, би өөрөө л энэ бүх зам мөр, жимийг гаргаад эсвэл дагаад яваад байгаа ч юм билүү. Хааяа дэндүү ганцаардаад, хааяа ганцаараа байхыг хүсээд, бүх бодлоо цэгцэлж авмаар санагдаад... Гэр орон маань миний гэр биш юм шиг санагдаад, хаана ч өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байж болохгүй боогдоод ч байгаа юм шиг, эсвэл дэндүү дураараа байгаа болохоор хязгаарлаж, хазаарлах хэрэгтэй ч юм шиг.

Зарим нь хүний бодол гэдэг өөрийнх нь биш, бодлын агуу том урсгалаас тэдгээр бодлууд хүний сэтгэлд орж ирдэг гэж байхад зарим нь бодол гэдэг бол хүний сэтгэлийн толь гэх юм. Гэхдээ бодол гэдэг маш хүчтэй зүйл гэдэгтэй маргах аргагүй. Хэдийгээр шашинлаг хүмүүс ингэж шууд хэлсэн ч гэсэн агуу зохиолчид хүртэл хүний бодол бусдад нөлөөлж үйлдэлд хүргэж болохыг олонтаа дурдсан байдаг.

Эргээд анхныхаа асуултанд очиход амьдрал үнэхээр утга учиртай юу? хүн тэр учир шалтгааныг өөрөө бий болгоод, одоо ойлгоод түүнийхээ төлөө зүтгэх ёстой юу, эсвэл зүгээр л урсгалаараа амьдраад эцэст нь үхэхийнхээ өмнөхөн би ....-ний төлөө л амьдарч дээ гэж ухаарах ёстой юу? Черчил дэлхийн 2-р дайны үед шийдвэр гаргахдаа "Би өдийг хүртэл энэ мөчийн төлөө л амьдарч дээ" гэж хэлсэн байдаг. Би хэзээ нэгэн цагт тийм мөчтэй тулгарах болов уу? Тийм мөч хүн бүрт тохиодог болов уу? Амьдралынхаа утга учрыг хүн бүр мэдэж, ойлгодог болов уу?

Эргээд л бөөн асуултууд, энэ бүхний хариултыг олоод ЭВРИКА гэж хэлэх цаг хэзээ ирэх бол? Эрэл эрэлчингээ улам чангаруулж байдаг, эрэлчин чангарах тусам эрэлээ олохоос холддог гэсэн.

АМЬДРАЛАА ГЭЖ...

Comments

Bayasum said…
хаврын синдром :D
T13 said…
Баярлалаа андаа. Сайхан онош байна.

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?