Дэлхийгээр тарсан монголчуудаа гэж

Би их эх оронч хүн юм байгаамаа. Үндсэрхэг гэж арай болохгүй л дээ. Хэт туйлширсан үзэл шиг санагдаад байдаг юм.

Өчигдөр Боловсрол Суваг телевизээр Нууцын Тайлал гээд нэвтрүүлгийг хагас дутуу үзлээ. Энэ нэвтрүүлэг эрэн сурвалжлах сэтгүүл зүй маягтай, их аятайхан нэвтрүүлэг болохоор хааяа харах их дуртай.

Дэлхий дахинд тархсан монголчуудын талаар баримтат нэвтрүүлэг хийж, тодорхой эрдэмтэд, судлаачдыг урьж оролцуулсан байлаа. Хамгийн гол нь Чингисийн их байлдан дагууллаас хойш хэдэн талд тарж бутарч орхисон монголчууд одоог хүртэл 800 жилийн турш өөрсдийн уламжлал, хэл соёлоо хадгалах гэж хичээж, мэрийж, монголчуудтайгаа уулзахыг, эх нутагтаа буцаж ирэхийг хүссээр, хүлээсээр ирсэн байх юм. Афганистаны Хазара, Хөх нуурын Дээд Монголчууд, Хятадын дундад хэсгийн Ду үндэстэн гээд хэсэг бүлгээр нь тухайн газрыг тохинуулах гээд орхисон ард иргэд олон байдаг юм байна. Үзээд сэтгэл шимширсэн. Монгол хүн яваад очтол, хүлээсэн хүн маань ирлээ, одоо нутаг руу минь аваад яв гээд уйлсан хүн байна гэнэ. Казакстан гэдэг улс байгуулагдаад дэлхий даяар амьдарч буй казакуудаа татаад авчихсан байхад манай Монголчууд ингэж болдоггүй юмуу гэж хэлж байх юм гэнэ.

Гэтэл бидний хэдэн ар монголчууд, тусгаар монголчууд юу бодож, юу сэтгэж сууна даа? Хэдэн төрийн тэргүүнүүд нь төрийн хар хайрцагны бодлого гэдэг юмаа боддог улс юмуу, үгүй юмуу бүү мэд. Их түүхтэй, би монгол гэж сагсуурахаас биш элэг нэгтнүүдээ хараад, хайгаад, хэдэн жилийн дараа тэднийгээ ингэж тэгж дэмжье, глобалчлагдаж байгаа одоо үед түүх соёлоо хадгалъя, авч үлдье гэсэн бодолтой, сэтгэлтэй хүн ер нь байнуу?

Нилээн хадуурчлаа. Ямар ч гэсэн дэлхийд тархсан монголчуудын талаар уг нэвтрүүлэг үргэлжлэх юм гэсэн. Зав гаргаад үзээрэй нөхдөө.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?