Ээж байхын үнэ цэнэ 2

Зиа, Ажил амьдрал зэрэгцэн өрнөсөн хаврын саарал өдрүүдийн нэг байнаа. Ээж байхын үнэ цэнэ буюу 2-р хэсэг. Сэтгэл гутралаас гарах арга. 1. Хамгийн түрүүнд ээжүүд маань хэзээ ажилдаа эргэж орох вэ? эсвэл хүүхдээ хэдэн сар, хэдэн нас хүртэл бүтэн цагаар хараад, дараа нь яг юу хийх вэ? гэдэг төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм билээ. Ажил, хамт олон, эсвэл хувийн бизнесийн аль нь ч бай ойрын болон холын зорилго чинь тодорхой байвал өнөөдрийн жижиг бэрхшээлүүд тийм ч том харагдахаа болино. Зорилгоо бичиж тэмдэглээд, эсвэл ажилд эргэж орох хугацаагаа ажил олгогчтойгоо тохироод авах хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй, хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэгдэх үедээ ирээдүйд бүх зүйл сайхан болно гэдгийг сануулах зүйлс чинь энэ дэвтэр, бичиг цаас чинь байх болно. Ирээдүйд яг юу болох нь тодорхойгүй, бүрхэг байх тусам сэтгэл санааны гутралд орох нь их, ужиг нөлөө нь хоруу санагдсан. 2. Хүүхэд гэдэг амьдралыг хамгийн их утга учиртай болгодог зүйл. Чамаас хамгийн их хамаардаг, чиний үргэлжлэл, чиний хамгийн чанартай хийх ёстой төсөл, чиний хамгийн сайнаараа дуулах дуу, хамаг чадлаараа хичээж, төгс гүйцэтгэхийг хүсэх тэр л зүйл чинь чиний төрүүлсэн үр. Тиймээс өдөр бүр уншиж, судлаж, бусдаас суралцаж, бусдыг дууриаж, бас бусдыг дууриалгүй, өдөр бүр улам сайжирч, хичээж ажиллах талбар чинь. Амьдралдаа хэзээ ч тулгарч байгаагүй хамгийн том сорилт. Түүнийг даван гарч, сайн ээж, сайн асран хамгаалагч, сайн үлгэр дууриал, сайн сурган хүмүүжүүлэгч байна гэдэг өдөр бүр чамд өглөө эртлэн босох, орой хамгийн сүүлд унтах утга учир. 3. Хүүхэд аз жаргалын гормон ялгаруулагч. Чи хөөрхөн, муухай, сэгсгэр, цэмцгэр байхаас үл хамааран, гадна харагдах байдлыг чинь нэвт сүлбэн зөвхөн дотоод мөн чанар, хайрлах сэтгэлийг чинь л олж харж чаддаг, мөн тэр хирээрээ чиний гадна төрхөөс үл хамааран зөвхөн чамайг хайрлана, зөвхөн чи л хэрэгтэй гэдгийг мэдрүүлж чаддаг бяцхан ид шидтэнүүд. Тэр бяцхан амьтан хайрлах, хайрлуулах, хүн хүндээ итгэх итгэл, сэтгэлийн нандин холбоог юу юунаас илүү мэдрүүлж чаддаг болохоор хүүхдээ харах тоолондоо би хорвоогийн хамгийн жаргалтай хүн болон хувирч, олон нийтийн газар утсан дээрээ зургийг нь харсан төдийд л тэнэг хүн шиг орчиноосоо тасран маасайн зогсдог билээ. За ингээд төлөвлөгөөтэй, утга учиртай, хайраар дүүрэн байхад амьдрал өрнөөд л байна биздээ? Сайхаан сайхан.

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?