Ээж байхын үнэ цэнэ 1

Зиа, энэ блог ч шороо тоос, цас мөсөнд хучидаад удаж дээ. Ээж болохоор их сайхан байдаг гэж хүн бүр ойлгодог байх. Гэхдээ хүмүүсийн хэлээд байдаггүй олон зүйлсийг мэдэрч байгаагаа бичиж сийрүүлмээр санагдлаа. 1. Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг тоглоом биш. Эрчүүд бүр ч ойлгодоггүй энэ үзэгдэл нь янз бүрийн гормон, сэтгэл санааны өөрчлөлтөөс болж, миний хүслээс гадуур намайг арслан бар, аашны тулам, байж болох муу бүхний ёроолд очсон мэт болгоно, тэгэж санагдуулна. Өглөө гэрийнхэн гараад явнаа. Ядахад олуулаа. Угаалтуур дүүрэн аяга таваг, үүдээр дүүрэн шороо, шавхай, угаалгын машин дүүрэн хиртэй хувцастай хүүгээ тэврээд үлдэнэ дээ. Орой хүмүүс цугларахад гэрээ цэмцийлгээд, хоолоо бэлдээд байж байх хэрэгтэй. Цэвэрлэлээ гээд хэн ч магтахгүй, цэвэрлэхгүй гээд надаас өөр хэн ч бухимдахгүй, нэг тийм нэргүй албат, хөлсгүй зарц ч юм шиг. Хүүгээ хөхүүлээд, угааж арчаад, гэрээ гялалзтал цэвэрлээд, охин цэцэрлэгээс өвчний чөлөөтэй үед нь эм танг нь цагаар нь уулгаад, үс гэзгий нь сүлжээд, өөрийгөө цэмбийлгээд суух үе байнаа байна. Бас алийг нь ч хиймээргүй санагдаад, өөртөө гутраад, шалны алчуур, хэнд ч хэрэггүй, 1000 төгрөгийн дэвсгэртээс үнэгүй болсон мэт санагдан уйлах, уурлах, багтрах үе ч байна. Энэ багтраагаа гэрийн ажлаа хийж байж л гаргана. Гаргаж амжаагүй байхад нөхөр харьж ирвэл манжийн үеийн 9 эрүүнд орсон мэт, хөлийн эрхий хуруун дээрээ алхах нь холгүй болтол мэрнэ дээ. 2. Нийгэмших хэрэгцээ гэж бас нэгэн зүйл. Гэртээ байгаа ээжүүдэд гэрээсээ гадуур найз нөхөдтэйгээ уулзах, ах дүүгийндээ зочлох зэргээр нийгэмших хэрэгцээ асар өндөр байнаа. Найзууд надад хэлэлгүй сэм уулзах, дотны нөхөд нь огт хэлэлгүйгээр гадаад явах, эсвэл хэлж байгаад удаан хугацаагаар хол явах зэрэг нь сэтгэл зүйд асар хүндээр тусах жишээтэй. Тэртэй тэргүй ирэхгүй юм чинь гэж өөрсдөө хүний өмнөөс шийдвэр гаргах биш, өөрөө юу гэж шийдэхийг нь сонсох хэрэгтэй. Гадаад явах гэж байгаа бол гэртээ суугаа хүнийг гэгэлзүүлээд яахав гэж бодохын оронд найз нь явлаа, дараа хамт явна шүү гэж хэлж урамшуулах хэрэгтэй. Өөрөө ийм зүйлийг тоодоггүй, их л харц дээгүүр сээхэлзсэн хүн байсан болохоор ..... хэлэх ч үг алга даа! 3. Ганцаараа, нэгээрээ, одиноороо, Түмээтэй л хамт байх хэрэгцээ. Үргэлж хүүхдээр амьдрал маань дүүрч, хүүхдээрээ баян, өөрөөрөө ядуу нэгэн болчихсон ч юм шиг. 7 хоногт ядаж 1 удаа гэрээсээ гараад 1 цаг гадуур алхаад, кофе уугаад, номын дэлгүүрээр эргэлдмээр болох юмаа. Эсвэл зүгээр л бодол болоод суух ч сайхан. Бусад төрөлтнүүдэд өөрийгөө богтлуулан амьдардаг ээжүүдийн нинжин сэтгэл, яруу алдар бадартугай. Би ч болоогүй байна даа....

Comments

Popular posts from this blog

С.Эрдэнэ "Занабазар" зохиол

Аянгын Бороо

Cool гэж юу гэсэн үг вэ?